ХАЙРГАН ХУЧИЛТТАЙ ДАВААНЫ ТООСЖИЛТЫГ БУУРУУЛАХ, ХУЧИЛТГҮЙ ХӨРСӨН ХЭСГИЙГ БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСООР БЭХЖҮҮЛЭХ СУДАЛГАА

Зохиогчид: Д.Ганбилэг, Д.Энхбаатар, М.Цэцгээ, Э.Норовсүрэн, Б.Болдбаатар, Ш.Хүрэлбаатар

Хэвлэн нийтлүүлсэн он: 2022

Хуудас: 156-166

Манай улсад зарим өндөр уул даваатай газар авто зам барихдаа дагуу налуу ихтэй хэсгийн зорчих хэсгийг хайрган хучилтаар төлөвлөж барьсан байдаг ба эдгээр хэсгүүдэд байгаль цаг уур, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөлөөгөөр авто замын суурийн гадаргуу хуурай үедээ тоос ихээр босож, нойтон үедээ хөрсний нягтрал багасаж хучилтын гадаргууд эвдрэл үүсэх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд энэхүү судалгаагаар хайрган хучилттай давааны тоосжилтыг бууруулах, хөрсийг бэхжүүлэх зорилгоор уламжлалт (цемент, кальцийн хлорид, магнийн хлорид) болон шинэ төрлийн барьцалдуулагч (лигносульфонат, Dustex®, Pitrosoil®, ANT) бодисуудыг ашиглан лабораторийн болон талбайн сорилт туршилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Физик-механик шинж чанарыг тодорхойлох туршилтын хүрээнд бэхжүүлээгүй дан хөрс болон химийн шинэ төрлийн нэмэлтүүд ашиглан бэхжүүлсэн хөрсний дээжүүдийн ширхэглэлийн бүрэлдэхүүн, хөрсний урсалт, уян налархайн үзүүлэлт, хөрсний нягтрал, шахалтын бат бэх болон ачаа даац (CBR%) зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг лабораторийн түвшинд харьцуулан судлав. Мөн түүнчлэн дан хөрс болон химийн нэмэлтээр бэхжүүлсэн хөрсний дээжүүдийн тоосонцрын ялгарлыг харьцуулан судлах зорилгоор механик эргэлтэт хүрд (iThubmler) болон агаар дахь тоосонцор хэмжигч (DustTrak™) багажийг ашиглан лабораторийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэв. Лабораторийн физик-механик шинж чанар тодорхойлох туршилтын үр дүнд хөрсийг 4% цементээр бэхжүүлэхэд 7 хоногийн шахалтын бат бэх 2.35 МПа гарсан ба комплекс органик нэгдэл болох ANT хөрс бэхжүүлэгчийг нэмснээр 7 хоногийн шахалтын бат бэх 4.37 МПа болж өссөн. Лабораторийн туршилтаар тогтоогдсон дүнд үндэслэн кальцийн хлорид, лигносульфонат болон ANT хөрс бэхжүүлэгч нэмэлтүүдийг сонгож судалгааны объект болох Горхи-Тэрэлжийн давааны хөрсийг бэхжүүлэх талбайн сорил, туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Талбайн туршилтын үр дүнд сонгосон нэмэлтүүдээс 4% цемент+ANT сайжруулсан хөрс бэхжүүлэгч нь дан цементээр (4%) бэхжүүлсэн хөрсний 7 хоногийн шахалтын бат бэхийг 3.08 МПа-аар нэмэгдүүлсэн болохыг тогтоов. Иймд ANT нэмэлт нь авто замын хөрсний материалын ачаа даац, бат бэхийн үзүүлэлтийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслээр зорчиход аюулгүй, тав тухтай байх боломжийг бүрдүүлсэн практик ач холбогдолтой гэж үзэж байна.